Улаанбаатар хотод хэрэгжих авто замын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 15-наас эхлэхээр бэлтгэл ажил хангагдсан. Мөн 18 метрийн урттай угсраа автобус орж ирэх болсонтой холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөөний автозамын засварын ажил буюу эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас, Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлана. Мөн 44.5 километр авто зам, 453 метр урт гүүрийг шинээр барьж, 37.7 километр авто зам, 134 метр урт гүүрийг өргөтгөж шинэчлэхээр төлөвлөсөн. Нийтдээ 25 байршилд 91.6 тэрбум төгрөгийн зам барилгын ажил хийнэ. Тухайлбал, Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөр бетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр авто замын өргөтгөл, шинэчлэлт, Чингэлтэйн гудамж, долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3.3 километр автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөж байна” гэж хэллээ. Энэ зун хотын төвийн зам гэхээсээ илүүтэй хотоос гарч байгаа замыг илүү их засах аж. Тухайлбал, Улиастай - Гачууртын чиглэлийн 11 километр авто замын засвар, Гүнтийн даваа чиглэлийн автозамаас Ар гүнтийн зуслан хүртэлх 7.36 километр автозам, Өлзийт хороолол- Биокомбинат- Шувуун фабрик чиглэлийн 9.6 километр авто замыг засварлана.
Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржоос тодруулахад энэ жилийн барих ёстой замын гол ажлуудыг Засгийн газар шууд гэрээгээр хийлгэхээр болсон гэлээ. Тухайлбал, Гачууртын зам зуслангийн чиглэл, Авто цогцолбор руу явж байгаа зам орж байгаа. Шууд гэрээ байгуулахын тулд хуулиар хүссэн компаниудыг оролцуулж шаардлага хангасан компанийг ажил гүйцэтгэгчээр сонгодог. Энэ жилийн хувьд өрсөлдөөнийг нээлттэй чанартай явуулах үүднээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар сонгон шалгаруулалтын ажил хийгдээд эхэлсэн. Ирэх долоо хоногт гүйцэтгэгч нь тодорно. Ингээд ирэхээр тавдугаар сарын 30-н гэхэд бүтээн байгуулалтын ажил нь эхэлнэ гэсэн байна.