Манай улсад бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаа амжилттай хийгдсэн. Энэхүү хагалгаанд орсон Э.Мөнхбаатар хүүгийн болон донор болсон аавынх нь биеийн байдал сайн байгаа талаар эмч нар мэдээллээ.
“Дорноговь АЗЗА” ТӨХК-ий ерөнхий инженер Ш.Эрдэнэбаатар нь дунд хүү 17 настай Э.Мөнхбаатартаа нэг бөөрөө өгч дахин амьдрал бэлэглэсэн билээ.
Э.Мөнхбаатар хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд донор болсон аав нь эмнэлгээс гарч тун удахгүй ажилдаа орохоор болсон байна.
Тиймээс хүүгийн аав Ш.Эрдэнэбаатар хүүг нь эрүүл саруул болгож өгсөн эмч, эмнэлгийн байгууллагын албан хаагч нар болон хагалгаанд ороход сэтгэл санааны болоод эд материалын тусламж үзүүлсэн бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийллээ.
Ер нь манай эмч нар туршлага мэргэжлийн ур чадвараар эх орондоо бөөр шилжүүлэн суулгах технологийг нутагшуулж байгаа нь үнэхээр сайшаалтай. Түүнчлэн иргэд өндөр зардлаар гадны орон руу явах шаардлагагүй болсонд талархах хүн олон байна.