Гадаад паспорт хугацаандаа гарахгүй байгаа талаарх гомдол иргэдийн дунд гараад байсан. Харин энэхүү асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар МИАТ-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гадаад паспортын бэлдэц хугацаандаа ирээгүйгээс шалтгаалан хэвлэлт удаашираад байгаа хэмээн тайлбарлаж байсан.
Тэгвэл энэ сарын 9-нд ирэх ёстой байсан паспортын бэлдэц өчигдөр орой иржээ. Учир нь бэлдэцийг үнэт цаасны баримт бичиг гэж тодотголгүй, энгийн ачаа тээвэрлэлтэд өгсөн учир ийм асуудал үүссэн аж.
Харин МИАТ компанийн зүгээс тээвэрлэлтийн үед айлчлал таарч, онцгой үүргийн ачааг л тээвэрлэх шаардлага гарсан. Мөн ачааг өөрсдөө Бээжингээр дамжуулан тээвэрлүүлэх гэж байхдаа бичиг баримтаа буруу бүрдүүлсэн, цаг агаараас шалтгаалан нислэг хоёр хоног хойшилсон зэрэг МИАТ компаниас хамааралгүй асуудлууд гарсан. Бидний зүгээс хариуцлага алдсан зүйлгүй гэж мэдэгджээ.
Гадаад паспорт захиалга их ирсэн байгаа учир холбогдох ажилтнууд нь уртасгасан цагаар ажиллаж, иргэдийн паспортыг хурдан хугацаанд гаргахаар ажиллаж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.