Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 9, ой хээрийн түймрийн 1 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Залаатын аманд гарсан гал түймрийг шуурхай ажиллаж унтраалаа
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Богд Хан уулын Залаатын аманд ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр 21:01 цагт өгснөөр Аврах гал унтраах 10,14, 63 дугаар анги, нийслэлийн аврах ангийн нийт 25 албан хаагч, 5 автомашинтайгаар 2 га орчим өнжмөл өвс шатаж байсныг 23:20 цагт бүрэн унтрааж Богд хан уулын хамгаалалтын албанд хүлээлгэн өгсөн.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод зусланд машин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход “Хариг –ус” ХХК-ний өрөмдлөгийн Маяти маркийн автомашин дээр байрлуулсан өрөмдлөгийн насос шатаж байсныг унтраасан.
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төрийн ордны 2 дугаар давхарт өрөө шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг очиход 8х9 хэмжээтэй өрөө, эд хогшил шатаж байсныг нэмэлт дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн Гэрэл холбооны тасаг, гал унтраах 2 дугаар тасгийн тус тус ажиллаж унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/