МАХН Фридрих Эбертийн сантай хамтран “Нийгмийн ардчилал ба сонгуулийн хөтөлбөр” хаврын академийг Батлан хамгаалах яамны харъяа Их тэнгэр цогцолборт зохион байгуулж байна. Өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх уг академид МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ч.Улаан, МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр, Э.Эрдэнэжамьян, О.Лхагвацэдэн болон Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Штенфан Кробот, төслийн удирдагч Ч.Оюунгэрэл, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан Уте Кумф, Нийдерсахсен муж улсын Ландтагийн гишүүн Марко Брунотте нар оролцож байгаа юм.
Тус академиар “МАХН-ын мөрийн хөтөлбөр ба 2012 оны УИХ-ын сонгуулийн хөтөлбөрийн уялдаа холбоо”, “Германы социалдемократуудын ирээдүйг харсан хөтөлбөр ба 2013 оны сонгууль”, “Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал”, “Холбооны болон муж улсын түвшинд сонгуулийн өмнө болон дараа эвсэл байгуулах улс төрийн болон эрх зүйн асуудлууд” зэрэг олон сонирхолтой илтгэл тавигдаж байгаа юм байна. Мөн хэлэлцүүлэг өрнүүлж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах талаар бүлгээр ажиллах, хаврын академийн дүгнэлтийг гаргаж ХБНГУ-ын экспертүүд үг хэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/