Чингисийн талбай дээр болсон хүүхдийн баярын арга хэмжээний үеэр 86 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрчээ.
Тэдгээрээс 85 хүүхдийг нь цагдаагийн байгуулагын алба хаагчид эцэг эхэд нь олж өгсөн байна. Харин нэг хүүхэд нь Хаяг тогтоох, хамгаалах төв байранд хоносон бөгөөд өнөөдөр эцэг эхийг нь тогтоогоод хүлээлгэж өгөх гэж байгаа болохыг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Ер нь ямарваа нэгэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларсны улмаас хүүхэд төөрөх асуудал тасрахгүй байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсэн юм.
Түүнчлэн өчигдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 36 үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс 29 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
Тодруулбал хулгайн гэмт хэрэг ес, танхайрах тав, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгджээ. Харин онц ноцтой гэмт хэргийн дуудлага мэдээлэл нийслэл болон хөдөө орон нутгуудаас ирээгүй байна.