Нийслэлийн хэмжээнд дулааны шугам хоолойн 50 гаруй хувийг шинэчлэх шаардлагатай болжээ.
Тиймээс улсын төсвөөс 10 гаруй тэрбум төгрөгийн засварын ажил хийхээр болсон байна. Мөн Улаанбаатар дулааны сүлжээ компани өөрийн санхүүжилтээр таван тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна нийслэлд байгаа дулааны шугам сүлжээний хамгаалалтын бүс алдагдсан нь засвар, шинэчлэлийн ажилд хүндрэл болж байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээллэв. Тодруулбал хамгаалалтын бүсийг 5-7 метрээр хэмжигддэг аж.
Гэтэл энэхүү бүс алдагдаж улмаар яаралтай чөлөөлөх шаардлагатай 300 гаруй объект хамгаалалтын бүсэд байгаа юм байна. Гэр хороолол дунд, ялангуяа БЗД-ийн 14-25 дугаар хороонд шугам хоолойн хамгаалалтын бүс ихээр алдагджээ. Үүнээс болж өвлийн улиралд гэмтэл гарсан тохиолдолд шаардлагатай засвар үйлчилгээг хийх боломж хязгаарлагдаж эрсдэл дагуулж болзошгүй байдаг байна.
Нийслэлийн хэмжээнд дулааны шугам сүлжээг сольж, шинэчлэх ажил өнгөрөгч сарын 15-наас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Баянгол зочид буудлаас төв зам, Сонсголонгийн уулзвараас бөөний худалдааны төв чиглэлд шугам шинэчлэх ажил 25 хувьтай явагдаж байгаа аж. Түүнчлэн өчигдрөөс төв шуудангаас баруун 4 зам хүртлэх тунелийн шугамын ажил эхлүүлсэн байна. Засварын ажлыг гүйцэтгэхдээ аль болох халуун ус тасалж хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүй байхаар зорьж байгаа болохыг албаны хүмүүс мэдээллэв.