Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгууллагдаж байгаа марш тактикийн тэмцээний нээлтийн арга хэмжээ Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно. Арга хэмжээг сурвалжилах сэтгүүлчдэд зориулсан автобус 07.30 цагт Соёлын төв өргөөний үүднээс явна.
09:00 цагт Монгол Улс, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнүүдийн нэг болох Монгол, Францын эрүүл мэндийн салбарын анхны чуулга уулзалт Бишрэлт зочид буудалд болно.
10:00 цагт АСЕМ-ийн бэлтгэл ажил болон нийслэлд энэ жил хийгдэх дулааны шугам сүлжээний томоохон засвар шинэчлэлт, авто замын бүтээн байгуулалтын ажил нэгэн зэрэг эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох албаныхантай хамтран мэдэгдэл хийнэ. Арга хэмжээ Хангарди ордны 14 давхарт болно.
10:00 цагт "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ нь авто зам угаах болон ногоон байгууламжийн талбай услах үйл ажиллагаандаа М Си Эс кока кола ХХК-ийн үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжаас гарсан усыг ашиглахаар болсон талаар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Гачууртын зам, 104 тоот хаягт байрлах "М Си Эс Кока Кола"-гийн үйлдвэрийн байранд болно.
11:40 цагт "Гэр ухаан" Төрийн бус байгууллагаас "Мишээл ЭКСПО төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт “Хүннү малл” цогцолборт шинээр дэлгэгдэж буй дэлхийд гайхагдах “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн “Хүннү малл” цогцолборт албан ёсоор нээлтээ хийнэ.