Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь цаг алдалгүй хэрэглэгчдэд хүргэх шаардлага байдаг ч автомашины дугаарын хязгаарлалтаас болж, хүндрэл үүсдэг байсан юм. Тэгвэл энэ сараас хүнсний үйлдвэрүүдийн бага оврын зориулалтын ачааны автомашинуудыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр болжээ.
Үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тээврийн хэрэгслүүдэд хамааралгүй болгох хүсэлтийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлээд байсан юм.
Аж үйлдвэрийн сайдын хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны тавдугаар сарын 29-ний өдрийн А/469 тоот захирамжаар хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнээс өдөр тутмын хэрэгцээний сүү, талх тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагын зориулалтын ачааны автомашинуудыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, тусгайлан зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргасан байна.
Тус шийдвэр нь бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ өдөр тутам шинэ соргог, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.