Казахстаны улсын энэ оны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд болжээ.
Караганда хотноо болсон уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон манай улсын тамирчин ОУХМ Г.Отгонцэцэг түрүүлсэн байна.
Казахстаны легионир тамирчин болсон тэрбээр тэмцээний шигшээ барилдаанд М.Имангалиевыг ялж, Казахстаны аварга болсон байна.
2016 оны олимпийн наадамд Монгол Улсын тамирчин Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдана. Учир нь Монгол, Казахстан Улсын жүдо бөхийн холбооны хамтран ажиллах санамж бичгийг өнгөрөгч нэгдүгээр сард үзэглэсэн.
Уг санамж бичгийн хүрээнд хоёр улсын жүдо бөхийн холбоо тамирчид дасгалжуулагч солилцох, хамтарсан бэлтгэл хийх, олон улсын түвшинд бодлогын хүрээнд хамтран ажиллах юм.
Үүний дагуу Дэлхийн цомын 2011 оны хүрэл, 2012 оны мөнгөн медальт, “Их дуулга”-ын хошой мөнгөн медальт, 2014 оны Астанагийн Гран При тэмцээний аварга Г.Отгонцэцэг энэ сард багтаан Казахстаны иргэний үнэмлэхээ авах ёстой. Түүний хувьд ирэх наймдугаар сарын Казахстаны Астана хотод болох дэлхийн аваргад тус улсын нэрийн өмнөөс барилдах юм.
Сэтгэгдэл (1)