Эрүүл мэндийн салбарын төсвийг танасан нь эмнэлгүүд өрөнд орж, модоо барихдаа тулаад байгаа талаар бид цуврал материал бэлтгэн хүргэж байгаа билээ.
Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын эмнэлгүүдийн өрийн асуудлыг хэлэлцэж, Эрүүл мэнд, Спортын сайдын багц дахь эмийн төсвийг нэмж баталсан байна. Ингэхдээ нийт 7.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гарган эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгчдэд өгөхөөр болсон байна.
Ямартай энэ асуудал нь өрөндөө баригдаж “модоо барих”-даа тулаад байгаа эрүүл мэндийн салбарт бага ч атугай гал намжаасан хэрэг болж байгаа нь сайшаалтай.
Гэхдээ энэ нь зөвхөн өр дарж байгаа хэрэг болохоос цаашид үйл ажиллагаагаа өр зээлгүй, ямар нэгэн асуудал дагуулахгүй явуулах боломжийг олгож байгаа хэрэг биш гэдгийг ч холбогдох албаны хүмүүс мэдээлж байгаа юм.
Харин бид Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр, нэмж баталсан төсвийн талаар эргэн сурвалжлах болно.