Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Завхан аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Завхан аймгийн Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл сумдын иргэдийг оролцуулан хийжээ.
Уг нээлттэй хаалганы өдрөөр Шүүх, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, 5 дугаар тойргийн Тахарын хэсэг, Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, бусад албан хаагчид, иргэдийг урьж оролцуулан Прокурорын байгууллагаас хэрэгжүүлэж буй үйл ажиллагааг танилцуулж, аймгийн 2015 оны эхний таван сарын байдлаар хяналтын ажлуудын чиглэлээр болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, захиргааны зөрчил, эрүүгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, иргэд байгууллагын санал, хүсэлт, гомдлыг хүлээн авчээ.
Энэ үеэр аймгийн Прокурорын газраас Хууль эрх зүй, танин мэдэхүйн “АХА”, “Дэвжээ” тэмцээнүүдийг зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл заалт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, Тамхины хяналтын тухай хууль, Ойн тухай хууль, Архидан согтууруулахтай тэмцэх тухай хууль 2015 оны эхний 5 сарын байдлаар эрүүгийн нөхцөл байдал зэрэг 280 гаруй санамж, брошур, гарын авлага, зөвлөмжийг арга хэмжээнд оролцсон 200 хүнд тарааж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль сурталчлан ажилласан байна.