2007 оноос өмнөх гадаад паспорттой иргэдийг ирэх сарын 1-ээс эхлэн ОХУ-руу хил нэвтрүүлэхгүй байхаар болсон байна. Ингэх болсон шалтгаан нь иргэдийн паспортын зургийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсантай холбоотой аж.
Энэ талаар Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Р.Даваадорж хэлэхдээ “10 жилийн дотор хүний нүүр царай өөрчлөгдөнө. 2005 онд 13 настай паспорт авсан хүүхэд одоо 23 настай болсон гэхээр аргагүй юм” гэжээ.
Тэгэхээр 2007 оноос өмнөх гадаад паспорттой иргэд шинээр паспорт авах журмын дагуу дахин авах шаардлагатай аж.
ОХУ-ын визгүй зорчдог болсноос хойш гадаад паспорт авах иргэдийн тоо олширчээ. Өмнө нь өдөрт дунджаар 300-450 хүн шинээр гадаад паспорт захиалдаг байсан бол одоо ачаалал гурав дахин нэмэгдэж 1000 хүн шинээр захиалж, 600-700 хүн сунгалт хийлгэж байгаа юм байна.
Энэ жил ОХУ-руу визгүй зорчих, Солонгосын виз хөнгөлттэй болсонтой холбогдуулан УБЕГ-аас захиалгаа 200 мянган хүнээр өгсөн ч эдийн засгийн хямралаас шалтгаалаад 100 мянгыг л захиалсан байна. Эхний таван сарын байдлаар 100 мянган паспортын талаас илүү нь дууссан байгаа аж. Тиймээс 9 болон 10 дугаар сард паспорт захиалбал хүлээгдэж магадгүй гэдгийг тус газраас анхаарууллаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)