Энхтайваны өргөн чөлөөний дулааны болон цэвэр усны шугамыг өргөтгөх, шинэчлэх ажлын хүрээнд Төв шуудангийн урд уулзвараас “Цэцэг” төв хүртэлх шугамыг энэ сарын 7-ноос эхлэн засч байгаа билээ.
Засварын ажлын гүйцэтгэгчээр “Хангилцаг” компани ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай байна. Тиймээс төлөвлөгөөт хугацаанаас доод тал нь тав хоногийн өмнө буюу энэ сарын 20 гэхэд ажил дуусна гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэллээ.
Гүйцэтгэгч компанийнхан шугам солихоос гадна худаг шинэчлэх ажил хийж байв. Худгийг 1987 онд барьсан бөгөөд шугам өргөтгөснөөр шаардлага хангахгүйд хүрсэн байна. Тиймээс бетонон худгийг нурааж шинээр барьж байгаа аж. Мөн долоон хэсэг газарт 12 метр урт авто замыг сөхөж шугам солих ажил хийж байна. Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэл нийт 25 хэсэгт авто зам сөхөж шугам шинэчлэхээр төлөвлөжээ.
Дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд Хөгжлийн банк 12.65 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаа юм байна.
Г.Үжин