Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг “Түр хамгаалах байр”-ны ажилчин, албан хаагчид 2015 оны 6 дугаар 9-ний байдлаар 177 насанд хүрсэн хүн, 360 хүүхдийг хамгаалалтад авч хууль эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эмнэлгийн шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилласан байна.
Тус төв 30 хүн хүлээн авах нөөц боломж, хүчин чадалтай. 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр анхны үйлчлүүлэгчээ хүлээн авснаас хойш гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 537 хүнийг хамгаалж, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа юм.
Тэнд иргэдийн олонх нь эмэгтэйчүүд байдаг. Ээжийгээ дагасан хүүхдүүд тэднээс ч олон. Журмын дагуу хүмүүсийг 30 хоногийн хугацаанд хамгаалах ёстой. Гэхдээ удаан хугацааны хамгаалалт шаардлагатай бол сунгах тохиолдол байдаг.
Түр хамгаалах байраар насанд хүрсэн гурван эрэгтэй хүн үйлчлүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд оны эхний таван сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж 248 иргэн хохирсны улмаас 90.3 хувь нь эмэгтэй, 9.6 хувь нь эрэгтэй хүн байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 20.8 хувь, хохирогч 19.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг албаны хүн онцолжээ.
Д.Ундрах/24tsag.mn/