“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчдын аюулгүй байдлыг хангахаар оюутан цагдаа нарыг өнгөрсөн жилээс ажиллуулж эхэлсэн.
Тэгвэл энэ жил 84 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр ажилдаа гарлаа.
Оюутан цагдаа нар жуулчдыг хулгай дээрэмд өртөхөөс сэргийлж мэдээлэл өгөх, очих газрыг нь заах зэрэг нийслэлийн 36 байршилд үүрэг гүйцэтгэх аж. Тухайлбал жуулчдын ихээр очдог Чингисийн талбай, Зайсан, Гандан, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар төмөр зам, Чингис хаан нисэх буудал, Бурхантай хөшөө, Богд хааны музей зэрэг 36 байршилд үүрэг гүйцэтгэхээр ажилд нь томиллоо.
Оюутан цагдаа нар өнөөдрөөс эхлэн есдүгээр сар хүртэл ажиллах юм байна. Эдгээр 84 оюутны хувьд 1-2 гадаад хэлний мэдлэгтэй, дундаас дээш төвшинд ярих ярианы чадвартай оюутнууд байгаа аж.