Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна. Өчигдөр системийн хамгийн чухал нэг хэсэг болох “Улаанбаатар хотын Нийтийн тээврийн удирдлагын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус төв нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг бүхэлд нь удирдаж хөдөлгөөнд оролцож байгаа бүх автобусыг тогтмол хянах юм.
Одоогоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1170 орчим автобуснуудад суурилуулах тоног төхөөрөмжүүд бүгд үйлдвэрлэгдээд Монгол Улсад ирчихсэн суурилуулах ажил эхэлчихсэн яг өнөөдрийн байдлаар 198 автобусанд бүрэн төхөөрөмж суурилуулаад байгаа бөгөөд суурилуулалтын ажил 7 сарын 5-нд дуусна.
Мөн эхний ээлжинд ашиглах 700,000 ширхэг “U money” карт Солонгос улсад үйлдвэрлэгдэн ирчихсэн байгаа бөгөөд“U money”карт цэнэглэх худалдах цэгүүдийг байгуулах бизнес эрхлэгчидтэй гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Нийслэлийн хэмжээнд 500 цэг байгуулахаас 280 цэгтэй гэрээ байгуулахад бэлэн болоод байна.
Төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 7-р сарын 20-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Төслийн хэрэгжүүлэгч “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь Улаанбаатар хотын оролцоотой компани бөгөөд нөгөө талаас Сөүл хотын өмчийн оролцоотой “Кореа Смарт Карт Корпораци” оролцож байгаа гэдэг нь Улаанбаатар хот Сөүл хотын хамтарсан компани хамтарсан төсөл гэж хэлж болох юм.
Нийтийн тээврийн үйлчилгээнд удирлага мэдээллийн систем нэвтрүүлэх төслийн нээлт энэ 2015 онд болж байгаа нь өөрөө олон тэмдэглэлт үйл явдлууд тохиолдсон онцлогтой жил тохиож байна.
Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсэний 90 жилийн ой болж байгаа төдийгүй Монгол Солонгос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25, Улаанбаатар хот, Сөүл хот ах дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаагаа тун их онцлогтой юм аа.
Г.Үжин