Сэлэнгэ аймаг түймрийн голомт нутаг болжээ.
ОБЕГ-ын мэдээлснээр тус аймагт бараг өдөр алгасалгүй түймэр асч байгаа аж.
Тус аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 6 дугаар сарын 6-нд ойн түймэр гарчээ.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 33 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 45 иргэн, 4 автомашин, нийт 102 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж буй юм байна.
Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Янгаахайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ 6 дугаар сарын 18-нд ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, Хилийн цэргийн 3 нийт 25 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр галыг унтраахаар ажиллаж байгаа аж.
Мандал сумын Түнхэл тосгоны “Идэмийн гол гэдэг газар 6 дугаар сарын 19-нд ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 13 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр, мөн Мандал сумын Ерөө голын халуун рашааны чиглэлд 6 дугаар сарын 19-нд ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 13 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж буй юм байна.
Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар баг Цоохор морьтын төхөм гэдэг газар 6 дугаар сарын 19-нд хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч 1 автомашин, орон нутгаас 31 хүн , 3 автомашин, 5 мотоцикл, нийт 43 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар тус тус ажиллаж байгаа аж.
Аялал, зугаалгын улирал эхэлсэн энэ цаг үед бороо багатай, бүгчим халуун өдрүүд ойрын хугацаанд үргэлжлэхээр байна. Иймд иргэд та бүхэн ой хээрийн бүсд амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.