Олимпийн аварга Э.Бадар-Ууган “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах эмнэлгийнхээ нээлтийг өнөөдөр Сувилахуйн сургуулийн эмнэлгийн байрандаа хийлээ.
Энэхүү эмнэлэг нь үр шилжүүлэн суулгах ажиллагаагаар дэлхийд алдартай “Като Лэдиес” эмнэлгийн салбар гэдэг утгаараа нэлээд онцлог аж.
Мөн тус эмнэлэгт Япон улсад 5, 6 жил суралцаж, мэргэшсэн монгол эмч нар ажиллах юм байна.
Эмнэлэгийн нээлтийн үеэр Олимпийн аварга Э.Бадар-Ууган “Хүн болж төрснийх үр үндсээ л үлдээхийн төлөө явдаг. Гэтэл алтан орон дээр мянган удаа унтаад ч үртэй болж чадахгүй бол хэцүү шүү дээ.
Тиймээс ийм буянтай ажлыг Монголдоо оруулж ирэхээр зориод зургаан жил зүтгэсэн. Зургаан жилийн дараа эмнэлгээ нээгээд зогсч буйдаа үнэхээр баяртай байна” гэв.
Мөн тэрбээр “Хүүхэдтэй болж чаддаггүй нэгэн эмэгтэй 20-оод хоногийн өмнө манайд хандсан. Өмнө нь БНСУ-руу яваад үр дүн гараагүй юм билээ.
Гэтэл манай эмнэлэгт ирээд анхны хатгалтыг хийлгээд жирэмсэн болсон. Үүнд манай эмнэлгийнхний зүгээс ч баяртай байгаа” хэмээсэн.
Энэхүү эмнэлэг нь Японы алдартай эмнэлгийн салбар гэдэг утгаараа үр дүн өндөр бөгөөд үртэй болох магадлал 80 хувьтай гэж эмнэлгийн зүгээс үзэж байгаа аж.
Сэтгэгдэл (4)