Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг ирэх долдугаар сарын 6-наас эхлэн худалдаалж эхлэх аж.
Баяр наадмыг зохион байгуулах комисс энэ жил наадмын тасалбарыг зохион байгуулалттай худалдаалахаар болжээ.
Учир нь жил бүр наадмын нээлт хаалтын ёслолын ажиллагааг үзэхийг хүссэн иргэд тасалбар худалдан авахын тулд хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учирдаг.
Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс энэ жил нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэр гаргасан байна.
Харин тасалбарын хувьд саравчтай хэсэгт суух тасалбар 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбар 16 мянган төгрөг байх аж.