Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц хяналтын хэлтсийнхэн хэд хэдэн салбарт шалгалт хийжээ. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллага, эмийн үйлдвэрт хэрэглэж буй дулаан, даралт, температур зэрэг зургаан төрлийн 250 гаруй хэмжих хэрэгсэлд шалгалт хийсэн байна. Үүнээс гадна Энхтайваны өргөн чөлөөнд хийж дулааны болон цэвэр усны өргөтгөл шинэчлэлийн ажил, зуслангийн чиглэлийн зам засварын ажил, барилгын хаалга цонх үйлдвэрлэдэг байгууллагуудыг шалгажээ.
Эруул мэндийн хэмжих хэрэгслийн шалгалтад Эрүүл мэндийн төвүүд, Хавдар судлалын төв, “Астрафарм”, “Монос фарм”, “Мөнхийн тун” компанийн эмийн үйлдвэр зэрэг 15 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан аж. Уг шалгалтаар “Тавин ус”, “Фарммед ресурс” компаниуд даралтын аппарат, термометрийг хэмжих хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрөл, улсын баталгаагүйгээр эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад худалдсан байна. Эдгээр хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад заавал хамруулах ёстой аж. Үүнээс гадна байгууллагууд олон хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад хамруулаагүй нь тогтоогджээ. Төв шуудангаас “Цэцэг” төв хүртэлх дулааны болон цэвэр усны шугамын өргөтгөлийн ажилд хийсэн шалгалтаар онц зөрчил илрээгүй байна. Харин Шаргаморьтоос Хандгайт хүртэлх авто замын засварын ажилд хийсэн шалгалтаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарлах хамгаалалт хангалтгүй, чиг заах, анхааруулах тэмдэглэгээ хийгээгүй, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал хангаагүй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)