Ром. 44 хүнийг баривчилсан талаар Италийн цагдаагийн газраас мэдээлэв. Цагаачдыг хүлээн авах төвийг ажиллуулах менежментийн гэрээг будлиулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа улстөрчид, төрийн албан тушаалтууд, бизнес эрхлэгчдийн авлигын сүлжээнд хамааралтай гэж үзэн тэднийг баривчилжээ.
Энэ баривчилгаа нь өнгөрсөн жил Ром хотын засаг захиргаанд үүрлэсэн өргөн хэмжээний авлигын тогтолцоог илрүүлсний дараа болж байна. “Мафийн нийслэл” гэж нэрлэгдсэн тэрхүү хэрэг явдал нь хотын захиргааны хувийн хэвшлийнхэнтэй байгуулсан олон тооны гэрээ хэлцлүүдийг шалгах хүсэлтийг хотын зөвлөлөөс үндэсний авлигатай тэмцэх байгууллагад тавихад хүргэсэн юм. Одоогоор 44 хүн баривчлагдаад байгаа ч дахин 21 хүнийг Италийн төв хэсгийн хотуудаас баривчлах зөвшөөрлийг баталжээ. Газар дундын тэнгист үүсээд байгаа цагаачдын хямралтай холбоотойгоор цагаачдыг хүлээн авах төвийг ажиллуулах нь асар их ашигтай бизнес болоод байгаа юм. “Мафийн нийслэл” гэж нэрлэгдсэн хэрэгт холбогдсон хамгийн өндөр албан тушаалтан бол Ром хотын захирагч асан Жианни Алеманно бөгөөд тэрээр өнгөрсөн жил барууны чиглэлийн Италийн Ахан дүүс нам дахь албан тушаалаасаа огцорч байжээ.