“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал жил бүрийн долдугаар 10-нд ёслол төгөлдөр болдог билээ. Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэл ажлын хүрээнд урд шөнө 04.00 цагт Чингисийн талбайд манай цэргийнхэн бэлтгэлээ базаалаа. Жагсаалын бэлтгэлийн явцтай УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын удирдлагууд танилцлаа. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай командлаж байна. Харин Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Бригадын генерал Д.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллаж байна.
Т.Сар