Жил бүрийн баяр наадмаар хурдан морины уралдаан болж, унаач хүүхдүүд мориноос унаж, бэртэх бүр цаашлаад амиа алдах тохиолдол гардаг.
Харин ХТҮГ, УИХ-ын эмэгтэй гишүүд гээд олон хүн энэ асуудалд анхаарал хандуулж, ажилласнаар өнөөдөр унаач хүүхдийн асуудал бага зэрэг шийдэгдэж, хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болсон.
Энэ жилийн наадамд хурдлахаар ирсэн шандаст хүлгүүдийг унах олон хүүхэд иж бүрэн хамгаалалтын хувцастай байгаа нь хүүхдүүдийн хувьд ч хамгаалагдсан асуудал болж байна.
Мөн хурдан морины унаач хүүхдийн хувцас иж бүрэн байхгүй тохиолдолд тухайн морийг уралдуулахгүй хасч байгаа юм. Энэ нь зарим уяачдын уур бухимдлыг төрүүлж байгаа хэдий ч ХТҮГ-аас энэ асуудалд хяналт тавьж, журмаараа ажиллаж байгаа нь хүүхдийн амь нас эрсдэх, унаж бэртэж гэмтэх асуудал гараагүй байна.
Харин энэ талаар ХТҮГ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Нарандэлгэрээс тодруулахад "Энэ жилийн наадмаар мөн унаач хүүхдийн хувцаслалт, иж бүрэн хамгаалалт байхгүй бол тухайн морийг уралдуулахгүй байх талаас нь ажиллаж байна. Өчигдөр гэхэд унаач хүүхдийн хамгаалалт бүрэн бус гэдэг үндэслэлээр 30 гаруй морийг хассан. Энэ ажил маань ирэх жилийн наадмаар илүү үр дүнгээ өгч, унаач хүүхдийн асуудал тэр хэрээрээ шийдэгдэнэ гэдэгт найдаж байна" хэмээн өгүүлсэн.