Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийнхэн наадамчин олонд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж байгаад наадамчин олон ам сайтай байна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн гурван чиглэлд дөрөв, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллаж байгаа аж.
Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 15 автобус гурван минут тутамд иргэдийг үнэгүй тээвэрлэж байгаа юм.
Мөн рейлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн таван автобус дөрвөн минут тутамд, “Хүй долоон” худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн таван автобус дөрвөн минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилж байна.
Мөн “Гандийн гудамж”-ны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “Долоон буудал”, “Таван шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус “Хүй долоон” худаг руу явах юм.