Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар зочид буудалд болж байна. Чуулга уулзалтад Монгол, Казакстан Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, Хятад зэрэг орны төлөөлөгчид оролцож, Төв Азийн бүс нутгийн ойн менежментийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, улс, орнууд ойн менежментээр дамжуулан хөдөөгийн иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлэх талаар туршлага солилцож байгаа аж. Мөн цөлжилттэй тэмцэж байгаа болон ойн түймрээс урьдчилан сэргийлж байгаа талаарх арга туршлага, мэдээллээ хуваалцах юм. Бүс нутгийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн хэлэлцэж, дараагийн чуулганы тов, газрыг тогтоох юм байна. Уг чуулга уулзалтыг Байгаль, орчин ногоон, хөгжил, аялал жуулчлалын яам, Тогтвортой ойн менежмент ба нөхөн сэргээлтийн Ази номхон далайн сүлжээ, Монголын байгаль орчны консерциум хамтран зохион байгуулж байна.