Архангай аймгийн Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус суманд хүрэлцэн очиж гардуулан өгсөн байна.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан малч, хөдөлмөрч уламжлалаа залуу үедээ өвлүүлэн Монгол Улсын хамгийн олон малтай сум, улсын тэргүүний сум болсон Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус сумын иргэдэд утсаар дамжуулан өөрийн дуу хоолойгоор баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Тэрбээр "Би өөрөө малчин айлд төрж, хонь хариулж өссөн хүн. Мал маллах нь ямар их хөдөлмөр байдгийг мэднэ. Эрдэнэмандалчууд олон мянганы туршид Монголынхоо гал голомтыг манаж, малч, ажилсаг уламжлалаа хойч үедээ өвлүүлж байгаад нь Монголын ард түмэн бахархаж байдаг. Эрдэнэмандал сумынхан төрийн өндөр дээд одон хүртэж, тэнгэр хураа хайрласан сайхан өдрүүд давхцаж байна. Өвөг дээдэс, хангай дэлхий, уул ус нь баярлаж байна. Эрдэнэмандалчуудад ажил үйлс нь өөдрөг, хувь заяа нь өөдрөг байхын ерөөл дэвшүүлье” гэжээ.