Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль орчин, ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн давтамж жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ.
Үүнээс болж гарсан хохирлыг багасгах, ус, цаг агаарын бүх төрлийн урьдчилсан мэдээний чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Журам, жагсаалт, хуваарь батлах тухай” Засгийн газрын тогтоол баталсан байна.
Тогтоолоор Үндэсний ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас гаргасан нийтийн хэрэгцээний Ус, цаг агаар, орчны аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг Газар хөдлөлөөс амжиж дамжуулах системээр хэрэглэгчдэд үнэн зөв, шуурхай хүргэж байх аж.
Мөн Ус, цаг уурын улсын сүлжээг түшиглэн хийж байгаа цөлжилтийн хяналт шинжилгээ, өвөл, хаврын бэлчээрийн даац, багтаамжийг тодорхойлох судалгааны ажлыг цаашид хамтран хийх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт үүрэг болгожээ.
Үүрэн телефоны үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хангах, ус, цаг агаар, орчны аюул гамшгаас сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг хэрэглэгчдэд шуурхай, үнэ төлбөргүй хүргэж байхаар болсон байна.