Өнгөрсөн долоо хоногт info.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллахыг шаардаж сэтгүүлчдийн төлөөлөл Чингисийн талбайд "чимээгүй" суулт хийлээ.
Улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, цагдан хорих 461 анги руу ачсан юм. Сэтгүүлчдийн төлөөлөл дээрх шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд шүүгчийг шийдвэрээ эргэн харж, сэтгүүлчийг суллахыг шаардаж ийнхүү суулт хийсэн юм.
Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын холбоо, "Глоб Интернешнл" ТББ, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийж байсан.
Мөн өнгөрсөн долоо хоногт тэд “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлэн Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа тайван жагсаал хийсэн билээ.