Улс даяар тоон системд шилжих ажил үргэлжилж байна.
Энэ сард Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор аймгийнхан тоон системд шилжиж эхэлжээ.
Харин ирэх сард Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийнхан шилжих бол есдүгээр сард Баян Өлгий, Булган, Говь Алтай, Дархан Уул, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Увс, Улаанбаатар хот шилжих аж.
Эхний ээлжинд орон нутгийг бүсчлэн хувааж тоон системд шилжүүлж байна. Иргэдийн хувьд тоон системд шилжихийн тулд хувиргагч төхөөрөмжийг худалдан авах шаардлагатай. Хувиргагч төхөөрөмж худалдан авалт орон нутагт сайн байгаа гэдгийг Радио телевизийн сүлжээний газраас мэдээллээ.
Тоон системд бүрэн шилжсэн аймгуудын хувьд хувиргагч төхөөрөмж худалдан авалт 80-90 хувьтай болжээ. Ялангуяа Хэнтий, Дундговь, Өмнөговь аймгийн хэрэглэгчид хувиргагч төхөөрөмжийг ихээр авч эхэлсэн байна.
Нийслэлчүүд хувиргагч төхөөрөмжийг Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын салбарууд, Нарантуул зах, Баянгол барилгын материалын дэлгүүр, Драгон төвүүдэд худалдаалж байгаа. Харин орон нутгийн иргэд тухайн аймагт байрлах Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ажилчдаас авах боломжтой юм байна.