Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарсан аймаг сумдад хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Одоогоор нэг аймгийн нэг сумын нутагт боом өвчний нэг, хоёр аймгийн хоёр сумын нутагт галзуу өвчний хоёр, нийт хоёр аймгийн гурван сумын нутагт гурван тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа юм.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын есөн адуу өнгөрсөн сарын 25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд боом өвчин болох нь тогтоогдсон байна.
Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ын нэг үхэр энэ сарын 15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогджээ.
Үүнээс гадна Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-ийн хоёр үхэр энэ сарын 15-17-ны өдрүүдэд хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тус тус тогтоогдсон байна.