"Монгол угсаатны үндэсний музейн цогцолбор төсөл"-ийн концессын гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр болов.
Энэхүү гэрээ нь соёлын салбарт хийгдэж буй анхны концессын гэрээ юм. Уг арга хэмжээнд Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, "Секрет Монголс" компанийн төлөөлөл оролцлоо.
"Монгол угсаатны үндэсний музейн цогцолбор" нь угсаатны музей, үндэсний гэр музей, панаромм музей, эко, тусгай болон соёл танин мэдэхүйн жуулчлал, зочид буудал зэргээс бүрдэх юм байна. Төсөл нийт 125 сая ам.долларын санхүүжилтээр таван жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар тооцоолж байгааг энэ үеэр хэлэв.
Төсөлд төрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг шаардагдахгүй бөгөөд хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх юм.
Энэхүү цогцолбор нь монголчуудын олон үеийн туршид бүтээсэн өв соёл, уламжлалыг биет болон биет бусаар танин мэдүүлэх, соёлын өвийг өнөөгийн нөхцөлд нарийвчлан судлах, дэлгэрүүлэн таниулахад гол чиглэлээ болгоно.
Мөн сургалт, танин мэдэхүйн орчинг бий болгох, уламжлалт соёлын өвийн "Судалгаа-сургалт-сурталчилгаа"-ы цогц үйлчилгээ үзүүлэх төв болгоход чиглэгдэх юм байна.