Долоодугаар сар гарснаас хойш улсын хэмжээнд 31 томоохон осол гарч, 45 хүн зам тээврийн ослоор амиа алдсан байна. Тодруулбал, нийслэлд долоон ослын улмаас долоон хүн, орон нутгийн замд 24 ослоор 38 хүн харамсалтайгаар хорвоог орхижээ. Осол гарсан байршлын хувьд Хөвсгөл, Дорноговь, Дархан Сэлэнгийн зам ачаалал ихтэй байсан бөгөөд Хөвсгөлийн замд найм, Дорноговийн замд найм, Сэлэнгийн замд долоо, Дарханы замд таван хүн осолд өртөн нас барсан байна. Зам тээврийн ослын талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхбат “Ослоор нас барсан хүмүүсийн багагүй хувийг хүүхдүүд эзэлж байна. Ослын шалтгаан ихэвчлэн хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурдтай яваа үедээ огцол тормос гишгэсэн зэрэг шалтгаанууд байна” гэлээ. Зам тээврийн осол гаргахгүй байх, анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг ЗЦГ-аас анхаарууллаа. Орон нутагт Зам тээврийн осолд орсон хүмүүст түргэн шуурхай эмнэлэгийн тусламж үзүүлж чадахгүйгээс амь насаа алдсан тохиолдол ч цөөнгүй байдаг. Тиймээс замын цагдаагийн газраас 100-15 км тутамд хяналтын цэг барих саналыг эрүүл мэндийн яаманд өгчээ. Хяналтын цэгт иргэдийн амарч тухлах хоол идэх байр, эмнэлэгийн тусламж үзүүлэх цэг зэргийг байгуулахаар тусгагдсан байна. Гэвч төсөв байхгүйн улмаас энэ ажил хэрэгжих боломжгүй байгаа бөгөөд эрүүл мэндийн яамнаас осол их гардаг цэгүүдэд сурталчилгааны самбар байршуулах ажлыг хийхээр болжээ.