Чойжинламын сүм музейн галын аюулгүй байдлыг хангахаар үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ.
Сүм хийд, музейд тулгардаг томоохон эрсдэл нь галын аюул, хулгайн асуудал байдаг.
Тиймээс улсын хамгаалалтад байдаг, эртний түүх дурсгалыг агуулж буй музейд энгийн үед галын аюулгүй байдлын сургалт явуулж, эрсдэлийг тооцоолж байх нь чухал гэдгийг онцгой байдлынхны зүгээс онцолж байв. Чойжин ламын сүм музейд галын аюулгүй байдлын сургалтыг гурав дахь удаагаа хийж байгаа нь энэ юм.
Ингэснээр наад зах нь галын тэрэг музейн хашаагаар хэрхэн орох, ямар жимээр объектод нэвтрэх зэрэг олон асуудлыг тооцоолох боломжтой болжээ. Зөвхөн энэ музейгээр ч зогсохгүй түүхийн дурсгал, өв соёлыг хадгалдаг музейд бүгдэд нь ийм сургалт зохиох шаардлага бий гэдгийг ч албаныхан онцолдог.
Ялангуяа түүх дурсгалын зүйлс хадгалдаг музейн үзмэр, олдворыг гал болоод гамшгаас сэргийлэх наад захын мэдлэгийг ч ажилтнуудад олгож байх нь чухал байдаг гэв. Сүүлийн жилүүдэд музей зэрэг улсын хамгаалалтад байдаг газруудад ийм байдлаар үзүүлэх сургалт явуулдаг болсноор галын аюулгүй байдлыг хангах боломж нөхцөл нь сайжирч байгаа гэдгийг албаныхан онцолж байв.