Гол мөрөн, нууруудын усны төвшин байнга нэмэгдэх хандлагатайг мөн мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна. Урьд шөнө л гэхэд Баян-Өлгий аймагт багагүй хэмжээний бороо оржээ. Өнөөдрийн хувьд нутгийн баруун хагаст үүлшиж, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно, бусад нутгаар бороо орохгүй гэдгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
Цаашдаа наймдугаар сарын 11-нд баруун, төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орох бол 12-нд төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орох юм байна. Тиймээс гол мөрний усанд орох, гол ус гатлахдаа, гол нуурын ойр орчимд зусч байгаа болон амарч зугаалж байгаа хүмүүсийн хувьд анхаарал болгоомжтой байхыг санууллаа.