Наймдугаар сарын 12-ноос ирэх сарын 05-ны хооронд Авто тээврийн үндэсний төв, орон нутгийн цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын байцаагчид хамтран орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирэх автомашинуудыг 24 цагийн турш шалгахаар болжээ.
Ингэхдээ Төв аймгийн "Баянчандмань", "Лүн", Хэнтийн "Хэрлэнгийн гүүр", "Өлзийт хороолол", "Хоолтын даваа" гэсэн таван байршилд тусгай пост гарган ажиллах юм.
Есдүгээр сарын нэгний өдөр дөхөхөөр орон нутгаас нийслэлийг зорих автомашины тоо олширдог. Гэхдээ зөвшөөрөгдсөн суудлын тооноос хэтрүүлж хүн тээвэрлэдэг. Мөн үзлэг оношилгоонд хамруулаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй холын замд зорчдог. Хотоос алслагдсан аймгуудаас бага оврын ачааны "Портер", "Бонго" зэрэг машинуудын тэвшин дээр сүүдрэвч, бүхээг хийж хүн зөөдөг гэхчилэн зөрчил олонтаа гардаг гэдгийг Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн газрын дарга Ж.Энхбат мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ "Дээрх зөрчлүүдийн аль нэг нь илрэх бол замд нь шууд шалгаж, оношлогоонд хамруулах, зорчигчдыг буулгаж, машиныг журамлах, торгох зэрэг хариуцлагыг тухайн жолооч нарт хүлээлгэнэ" гэлээ.