Сүүлийн өдрүүдэд нийслэлийн гудамжинд түүхий самар худалдах нь олширч байна. Иймд иргэдийн гар дээрээс борлуулж буй түүхий самрыг худалдан авахгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа.
Хуш модны самрыг хууль, журамд зааснаар 10 дугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Гэтэл иргэд хууль зөрчин ийнхүү самар бэлтгэсээр байгаа аж. Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг талтайгаас гадна ирэх жилийн ургацад нөлөөлдөг байна. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахад бэрхшээлтэй байдаг тул хуш модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг нь хугалж байж түүдэг. Ингэснээр хуш модны гол иш, титмийг гэмтээдэг байна.
Мөн болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татан халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй. Түүнчлэн анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр гарах эрсдэлд ч хүргэдэг аж. Мөн гудамжинд худалдаалж буй самрыг ихэвчлэн нийслэлийн ойролцоох ойгоос түүдэг бөгөөд хотын ойролцоох зарим ойд шавжны хор цацсан нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай юм байна.
Иймээс иргэдийг болц нь гүйцээгүй түүхий самар түүх, бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.