Нийслэлд амьдардаг гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй гэсэн судалгаа байдаг.
Тэгвэл энэ хичээлийн жилд нийслэлд 116 570 цэцэрлэгийн насны хүүхэд байгаагийн 88 мянга орчим нь төрийн болон төрийн бус 516 цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн судалгааг Нийслэлийн боловсролын газраас гаргасан байна.
Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-28-ны өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд болох аж. Цэцэрлэгт 2-5 насны хүүхдүүд хамрагдах бөгөөд өмнө жилүүдэд сараараа хоёр нас хүрээгүй хүүхдүүдийг бүртгэдэггүй байсан бол энэ жил оноороо хоёр нас хүрсэн л бол бүртгэх боломжтой гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.
Харин 3-5 насны хүүхдүүдийг эхэлж бүртгээд, үлдсэн орон тоондоо шинээр элсэх хүүхдүүдийг бүртгэх юм байна. Ингэхдээ нэг ангид 44 орчим хүүхэд байхаар тооцоолжээ. Цэцэрлэгт харьяаны бус хүүхэд бүртгэсэн гэх гомдол эцэг эхчүүдийн дунд үүсдэг тул оршин суугаа хаяг, харьяа цэцэрлэгийн энэ жил нарийн гаргасан байна.
Заасан өдрүүдэд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ
• Оршин суугаа хаягийн тодорхойлолт
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Эцэг, эхийн иргэний үнэмлэх
• Эрүүл бойжиж байгаа эсэх талаар өрхийн эмнэлгийн бичиг зэргийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Харин эрүүл мэндийн шинжилгээг бүртгэл дууссаны дараа хийхээр төлөвлөжээ.
Цэцэрлэгт бүртгүүлсний дараа тухайн хичээлийн жилд хүүхэд тань хэрэглэх ариун цэврийн болон хичээлийн хэрэгслийг бэлтгэх шаардлагатай жагсаалтыг нэгдсэн байдлаар гаргажээ.