Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр Дархан-Уул аймагт хүрэлцэн очиж гардуулж өгөв.
Дархан хотод дулааны цахилгаан станц барих шийдвэрийг 1961 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргаж 1965 оны 10 дугаар сард 48 мВт хүчин чадалтай станцын нээлтийг хийж байжээ. Өдгөө энэ байгууллага жилд Монголын эрчим хүчний системд 200 сая кВт цаг цахилгаан, эрчим хүч, Дархан хотдоо 500 мянга орчим Гкал дулаан түгээж байгаа юм байна.
Тус станцынхан байгууллагынхаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тугийг станцын гол зүрх болсон Цахилгаан цехэд 72 цаг хүндэтгэн байрлуулаад үүний дараа хүндэтгэлийн хоргонд залах аж.