Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багт тарваган тахал гарсан байж болзошгүй сэжиг илэрчээ. Тус сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайтай орших Агар голын Гурван чулуу гэдэг газарт нутаглаж буй айлын 16 настай хүү энэ сарын 10-ны өдөр нохойд бариулсан тарвага өвчилж байгаад гараа эсгэсэн юм байна. Тэрээр халуурч, гар нь хавдсан тул энэ сарын 14-нд сумынхаа эмнэлэгт хандсан аж. Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвийн эмч нар орон нутагт очиж, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг тусгаарлан, холбогдох арга хэмжээг авсан байна. Энэ асуудлыг тус аймгийн Онцгой комисс өнгөрсөн баасан гаригт хэлэлцээд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг бүх байгууллагад үүрэг болголоо.
Д.Дуулим