БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцох монгол цэргүүд өнгөрсөн амралтын өдөр өмнөд хөршийг зорилоо. Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулж 16 орны цэрэг эрс парад алхах юм.
Жагсаалд манай улсаас 76 цэрэг оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 31 ангийн 63 алба хаагч. хилийн цэргийн 11 ангийн 13, Зэвсэгтхүчний 32 дугаар ангийн таван цэрэг оролцоно.
Тэдний дунд өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон 20 орчим цэрэг байгаа аж. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ- ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар цэргүүдийн жагсаалын бэлтгэлтэй өнгөрсөн баасан гаригт анилцжээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Бэлтгэл үндсэндээ хангагджээ. Эх орныхоо нүүр царай болж явах учраас жавхаалаг сайхан алхах хэрэгтэй. Хариуцлагатай үе та нарт ирж байна” гэв.Байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой 18-38 насны 76 залуу дэлхийн бусад орны цэргүүдтэй зургаан удаагийн хамтарсан сургуулилтыг хийнэ. Жагсаалыг ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ командалж алхах бол бүрэлдэхүүнийг Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар хоёр удирдан чиглүүлж байна. БНХАУ-д болох цэргийн ёслолын жагсаалд гадаадын 16 орны цэрэг эрс оролцох бөгөөд жагсаал ирэх сарын 3-нд Бээжин хотын төв талбайд болно.