Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээг нийслэл Улаанбаатар болон Дорноговь, Сүхбаатар аймгуудад зохион байгуулах гэнэ. Тодруулбал, Сүхбаатар аймагт энэ сарын 19, Дорноговь аймагт энэ сарын 21-нд ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдөр 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ-ийн дивизүүдийн тугийг залж, тус аймгууд дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд цэргийн ёслолын жагсаал хийх аж. Мөн Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт, гардан тулааны үзүүлэх тоглолт, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, "Бид ялав" үзэсгэлэнгийн нээлт, баярын хурал, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчдын хүндэтгэлийн тоглолт зохиогдох гэнэ. Нийслэл хотод энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн концерт, цэрэг дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх зэргээр ялалтын баярт зориулсан арга хэмжээг зохион байгуулах аж.
Сэтгэгдэл (2)