Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх явц удаашралтай, хууль зөрчиж байгаа талаар дүүргийн иргэдийн төлөөлөл мэдээлэл өглөө. Тус дүүрэгг гэр хорооллыг дахин төлөвлөх компаниар сонгогдсон “Цагаанхуаран консталтинг” иргэдтэй хуурамч гэрээ хийсэн аж. Энэ талаар “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөлийн УЗ-ийн гишүүн Б.Бат-Өлзий хэлэхдээ “Төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан компани зургаан сарын дотор барилгаа эхлүүлэх журамтай. Гэтэл “Цагаанхуаран консталтинг” компанийн зургаан сарын хугацаа өнгөрсөн нэгдүгээр сард дууссан. Иргэдийг гомдол гаргахаар Гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын орлогч нар тоодоггүй. Мөнгөтэй компанийн талд үйлчилдэг. Мөн тус компанийн иргэдтэй хийсэн гэрээ журмын дагуу 75 хувьдаа хүрээгүй. Гэрээ хийсэн гээд байгаа 112 айлын 45 нь хүчин төгөлдөр биш байсан. Нас барсан хүн, өмчлөгч биш иргэний гарын үсэгтэй байсан” гэлээ. Тиймээс дүүргийн иргэд Хотын дарга болон ИТХ-ын дарга нартай удаа дараа уулзаж санал хүсэлт тавьсны эцэст “Цагаанхуаран консталтинг” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулахаар болсон талаар хэвлэлийнхэнд мэдэгдлээ.
Д.Дуулим