Завхан аймгийн Улиастай суманд наймдугаар сарын 13-18-нд УИХ-ын гишүүн Я.Санжмятавын урилгаар АНУ-аас мэс заслын их эмч нарын баг, болон БНСУ-ын дотор, уламжлалт, шүд, хүүхдийн их эмч нар ирж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлжээ.
Дэлхийн олон оронд эмнэлгийн тусламж үзүүлж буй АНУ-ын мэс заслын эмч нарын баг шаардлагатай хагалгааг тус аймгийн эмч нарын багтай хамтран хийсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав “АНУ, БНСУ-ын их эмч нарын баг гадаадын олон оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг туршлагатай хүмүүс. Сайн дурын эдгээр баг Завхан аймагт долоо хоног ажиллалаа. Энэ хугацаанд аймгийн нэгдсэн мэс заслын тасагт АНУ-ын их эмч нарын баг, “Одчим наран” эмнэлэг дээр БНСУ-ын эмч нар баг ажиллаж, 1000 гаруй хүнд үзлэг хийсэн. Гадаадын эмч нарыг урьж авчирснаар эмч нарыг дадлагажуулах, туршлага солилцуулах гээд олон талын ач холбогдолтой. Манай эмч нарын ур чадварыг гадаадын эмч нар үнэлж байна.” гэлээ.
Мөн Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Д.Загдбазар “Манай эмч нарын баг ч энэ удаагийн Америкийн мэс заслын эмч нараас маш их зүйлийг сурлаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хараад тэдний хувьд сэтгэл эмзэглэсэн зүйл их байгааг дуулгаж байсан. Багаж хэрэгсэл, боловсон хүчин бидэнд дутмаг байдаг. Цаашид эмнэлгийн тоног төхөөрөмж сайжраад, эмч нарын чадамж дээшлээд ирэхээр орон нутагт авч болох бүхий л эмнэлгийн үйлчилгээг хийх боломж бүрдэнэ” хэмээв.
Сэтгэгдэл (1)