Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв энэ онд мэргэжлийн үнэмлэх олгох сургалтад голлон анхаарч ажиллажээ.
Энэхүү ажлын хүрээнд тогооч, бетон арматур, засал чимэглэл, өрөг угсрагч, сантехникч, гагнуурчин зэрэг барилгын өргөн мэргэжлийн сургалтад нийт 600 гаруй хүмүүжигчийг хамруулж, амжилттай төгсгөн, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олгожээ.
Нийт хорих ял эдлэгсдийн 57 орчим хувь нь мэргэжил эзэмшээгүй байдаг аж. Хүмүүжигчид мэргэжилтэй болсоноор хорих ял эдэлж байх хугацаандаа эзэмшсэн мэргэжлийнхээ чиглэлээр хөдөлмөр эрхэлж, цалингаараа бусдад учруулсан гэм хорын хохирлоо барагдуулдаг байна.
Мөн ажил хийсэн хүмүүжигч шагналын хоног авч хугацаанаасаа өмнө суллагдах боломжтой болдог аж. Нөгөө талаасаа суллагдан гараад ажил хөдөлмөр эрхэлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, зөв амьдрахад нь тус болдог байна.