Замын цагдаагийн газраас сүүлийн хоёр өдөр 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд тээвэрлэх” автобусуудыг шалгажээ. 2015-2016 оны хичээлийн шинэ жил, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай аюул осолгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор уг шалгалтыг хийж байгаа аж.
Шалгалтаар,
1.Тээврийн хэрэгслийн насжилт хэтэрсэн,
2.Ухрахдаа гадагшаа буюу хүүхдүүдэд “Анхааруулах дуут дохио” өгөх “Дуут дохио” байхгүй,
3.3огсохгүй явах хориотой тэмдэггүй,
4.Ослын үед цонх хагалах алх, эвүүр, маршрутыг мэдээлэх дэлгэцгүй,
5.”Хүүхэд тээвэрлэж байна” гэсэн бичиг нь стандартын шаардлага хангахгүй, олон янз бичсэн,
6.Хувь хүний тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхдээ тухайн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй,
7.Тээврийн хэрэгслийн хоёр талд тухайн аж ахуй нэгжийн логогүй,
8.Эмийн сан нь нэр төдий,
9.Тээврийн хэрэгслүүд нь нэгдсэн шар өнгөтэй байх ёстой ч олон өнгөтэй, стандартад тавьсан өнгөөр будаагүй,
10.Стандартад суудлын тоо 22 ба түүнээс дээш гэж заасан боловч бага оврын микробусыг ихээр оролцуулсан,
11.Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл сонгосон,
12.Зарим жолооч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Тиймээс шалгалтын дүнгийн талаар нэгдсэн мэдээ гаргаж, Нийслэлийн боловсролын газарт албан даалгавар хүргүүлэн заагдсан зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч ажиллахаар болсон байна.