Төрийн орон сууцны корпораци нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах 28 га газарт “Буянт-Ухаа 2” хорооллыг барихаар төлөвлөсөн. Төслийн 1-р ээлжийн 2592 айлын 9 давхар 48 ширхэг орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 409 машины 7 давхар нэгдсэн автограж, 6 ширхэг 5 давхар худалдаа үйлчилгээний төв, инженерийн дэд бүтцийн ажлуудыг 2014 оны 6-р сард эхлүүлсэн. Төслийн гүйцэтгэл 62.3 хувьтай үргэлжилж байна.
“Буянт-Ухаа 2″ хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажил 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 44.9 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн эхний ээлжинд ашиглалтад орох барилгуудын гадна фасадны ажил 88 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дотор засал 37 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 54 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Тус хорооллыг 2015 оны 10-р сард ашиглалтад оруулна. Үлдсэн барилгыг 2016 оны 5-р сард ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөх юм.