Төв аймгийн Баянхангай сумын ойролцоо байгалийн онцгой үзэгдэл болсны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон гэмтэл гарчээ.
Тодруулбал өнгөрсөн ням гарагийн оройн 20:00-21:00 цагийн үед Төв аймгийн Баянхангай сумын ойролцоо 20-30 м/сек-ын хүчтэй салхи шуурч, аянга цахилгаантай ширүүн бороо орсны улмаас тус сумаас урагш чиглэлд цахилгаан эрчим хүч дамжуулдаг 350 кв-ын Авдар орд агаарын шугамын 20 гаруй бетон тулгуур хугарч бусад тоноглолууд гэмтсэн байна.
Үүний улмаас ШШГЕГ-ын харьяа 403 дугаар хорих анги болон түүний ойр орчмын хэрэглэгчид цахилгаангүй болжээ.
Учирсан хохирлын хэмжээ 200 орчим сая төгрөгөөр хэмжигдэж байгаа гэдгийг "УБЦТС" ТӨХК-иас мэдээллээ. Гэмтлийг бүрэн засварлаж сэргээхээр "УБЦТС" ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төв бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа юм байна.