Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын шийдвэрийг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээллэв.
Тэрбээр Киноны тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцсэн гэдгийг дуулгаад "Энэхүү үзэл баримтлалыг дэмжээд хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Монголчуудын хувьд киноны тухай тодорхой хууль байгаагүй тул хууль батлах санаачлага байсан. Кино үйлдвэрлэл эрхлэгч ямар үүрэгтэй, эрхтэй байх вэ, хэрхэн иргэдэд хүргэх вэ, үйлчлүүлэгчийн эрх ашиг ямар байх зэргийг нарийвчлан тусгасан. Мөн киног хэрхэн төрөөс дэмжих тухай тусгасан.
Киног бүтээж байгаа болон, санхүүгийн тусламж үзүүлсэн хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлнэ. Өөрөөр хэлбэл 30 хүртэлх хувийн татварын хөнгөлөлт үзүүлж буцаан олголт өгөх юм. Төрийн захиалгаар хийгддэг киноны захиалгыг төрөөс бүрэн хариуцна гэж заасан. Олон улсын кино наадамд өөрийн орны бүтээлийг оролцуулах тухай ч тусгах юм" хэмээлээ.