Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд энэ оны есдүгээр сарын 15-наас Монголын Үндэсний музейд “Хубилай сэцэн хааны өв” түр үзэсгэлэн гаргахаар болжээ.
Тус үзэсгэлэнгийн онцлох зүйл нь "Хубилай хааны ан хийж буй нь" гэдэг зураг (Тайваний Үндэсний ордон музейгээс бэлэглэсэн хуулбар) гэнэ. Тус зургийн хуулбарыг Чингис хааны 800 жилийн ойг тохиолдуулан Тайваний Үндэсний Ордон музейгээс найман хаан, 15 хатдын хөргийн хуулбарын хамт Монголын Үндэсний музейд бэлэглэсэн аж.
Хубилай хаантай холбоотой түүхийн биет баримтууд цөөн байдаг бөгөөд түүний хөрөг, ан хийж буй зураг, мөнгөн тэмдэгтүүд, захидал зэрэг нь бидэнд байгаа юм. Их хааны ан хийж буй зургаас түүний амьдралын хэв маяг, хувцаслалт, тухайн үеийн ан хийх арга техник зэргийг харж болох ажээ.